Зээлийн тооцоолуур
Сарын төлөлт, нийт хүү болон эргэн төлөлтийн хуваарийг тооцоолж, Excel файлаар татаж авах.
Эдгээр нь математик томъёонд суурилсан ойролцоогоор тооцсон дүн. Бодит төлбөр банкны нөхцөл, зээл авсан огноо болон амралтын өдрүүдийн зохицуулалтаас хамаарч бага зэрэг зөрүүтэй байж болно.
Шуурхай хариулт
Сарын 1.7%-ийн хүү жилийн хэдэн хувь вэ?
Жилийн 20.4%. Сарын хүүг 12-оор үржүүлж жилийн хүүг гаргана. Банкууд ихэвчлэн сарын хүүгээр зарладаг тул зээлүүдийг харьцуулахдаа бүгдийг жилийн хүүнд шилжүүлээрэй.
10 сая төгрөгийн зээлийн сарын төлбөр хэд вэ?
Жилийн 20.4%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай бол нийт төлбөр тэнцүү (аннуитет) аргаар сард ойролцоогоор 510,914₮, нийт хүү 2.26 сая ₮ орчим. Өөрийн дүн, хүү, хугацаагаар дээрх тооцоолуурт бодоорой.
Зээлийн эргэн төлөлтийн график хаанаас авах вэ?
Дээрх тооцоолуур төлөлт бүрийн огноо, үндсэн зээл, хүү, үлдэгдлийг харуулсан бүрэн графикийг гаргаж өгнө. «Excel татах» товчоор хүснэгтээ файлаар хадгалж болно.
Ашиглах заавар
- 1
Авахыг хүсч буй зээлийн нийт дүнгээ төгрөгөөр оруулна.
- 2
Тухайн банкны санал болгож буй жилийн хүүг оруулна.
- 3
Зээл төлөх нийт хугацааг сараар оруулна.
- 4
Зээл авах огноогоо сонгоно.
- 5
Тооцоолуур таны сарын төлөлт болон эргэн төлөлтийн хуваарийг автоматаар бодож харуулна.
- 6
Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 'Excel татах' товч дарж хадгалж авна уу.
Томъёо
Нийт төлбөр тэнцүү ба үндсэн төлбөр тэнцүү арга
Банкууд зээлийг хоёр үндсэн аргын аль нэгээр төлүүлдэг. Нийт төлбөр тэнцүү (аннуитет) аргад сар бүрийн төлбөр ижил байх ба төлбөрийн доторх хүү, үндсэн зээлийн харьцаа аажмаар өөрчлөгддөг. Үндсэн төлбөр тэнцүү аргад үндсэн зээлээс сар бүр ижил хэмжээ төлж, хүү нь үлдэгдлээс бодогддог тул эхний төлбөрүүд өндөр, цаашид сар бүр буурдаг. Монголын банкуудын хэрэглээний зээл ихэвчлэн нийт төлбөр тэнцүү аргаар олгогддог бөгөөд дээрх тооцоолуур мөн энэ аргаар боддог.
Жишээ: 10 сая ₮ зээлийг жилийн 20.4%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай авбал:
| Нийт төлбөр тэнцүү | Үндсэн төлбөр тэнцүү | |
|---|---|---|
| Эхний сарын төлбөр | 510,914₮ | 586,667₮ |
| Сүүлийн сарын төлбөр | 510,914₮ | 423,750₮ |
| Нийт хүүгийн зардал | 2,261,941₮ | 2,125,000₮ |
Үндсэн төлбөр тэнцүү арга нийт хүүгээр ~137 мянган ₮ бага ч эхний саруудын ачаалал өндөр. Тоонууд сарын тогтмол хүүгээр бодсон жишээ тул олгосон огнооноос хамаарч банкны график бага зэрэг зөрж болно.
Зээлийн эргэн төлөлтийн график гэж юу вэ?
Эргэн төлөлтийн график (хуваарь) нь төлөлт бүрийн огноо, нийт төлбөр, түүний доторх үндсэн зээл ба хүүгийн хэсэг, төлөлтийн дараах үлдэгдлийг харуулсан хүснэгт юм. Дээрх жишээний эхний сарын 510,914₮ төлбөрөөс 170,000₮ нь хүү (10 сая × сарын 1.7%), 340,914₮ нь үндсэн зээл байна. Үлдэгдэл буурах тусам хүүгийн хэсэг багасаж, үндсэн зээлд төлөх хэсэг өсдөг — тиймээс зээлийн эхэнд нэмэлт төлөлт хийх нь хүүгийн зардлыг хамгийн ихээр хэмнэдэг.
Дээрх тооцоолуур зээл олгосон огноог тооцон төлөлт бүрийн яг огноотой бүрэн график гаргадаг бөгөөд «Excel татах» товчоор хүснэгтээ хадгалж авч болно. Хүүг сар бүрийн бодит хоногийн тоогоор боддог тул банкны графиктай илүү ойр гарна.
Хугацаа нийт хүүнд хэрхэн нөлөөлдөг вэ?
Ижил 10 сая ₮-ийн зээлийг жилийн 20.4%-ийн хүүтэйгээр өөр өөр хугацаагаар авбал:
| Хугацаа | Сарын төлбөр | Нийт хүү |
|---|---|---|
| 12 сар | 928,261₮ | 1,139,126₮ |
| 24 сар | 510,914₮ | 2,261,941₮ |
| 36 сар | 373,677₮ | 3,452,375₮ |
| 48 сар | 306,439₮ | 4,709,066₮ |
Хугацааг 12 сараас 48 сар болгоход сарын төлбөр 3 дахин буурдаг ч нийт хүүгийн зардал 4 дахин өсдөг. Сарын төлбөрөө дийлэх хамгийн богино хугацаа хамгийн хямд сонголт юм.
Зээл авахын өмнө юуг шалгах вэ?
Зарласан хүү ганцаараа зээлийн өртгийг илэрхийлдэггүй. Банкууд ихэвчлэн сарын хүүгээр зарладаг (сарын 1.7% = жилийн 20.4%) тул харьцуулахдаа бүгдийг жилийн хүүнд шилжүүлээрэй. Үүн дээр олголтын шимтгэл (ихэвчлэн 0.5–1%), даатгал, дансны хураамж нэмэгддэг тул зээлийн бодит өртөг зарласан хүүгээс өндөр гардаг — банкнаас нийт зардлыг багтаасан бодит өртгийг асуугаарай.
Сарын нийт зээлийн төлбөр (шинэ зээл дээр одоо байгаа бүх зээлээ нэмээд) орлогын тал хувиас хэтрэхгүй байх нь санхүүгийн эрүүл байдлын нийтлэг жишиг. Орлогодоо тохирох зээлийн дээд хэмжээг зээлийн чадвар тооцоолуураар, орон сууцны зээлийг урьдчилгаа болон НӨАТ-ын буцаан олголттой нь орон сууцны зээлийн тооцоолуураар бодоорой.
